БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газар, ӨМӨЗО-ы Худалдааны Танхим, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яамны Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны бодлогын газар, Монгол Улсын ХХАХҮ Яамны мал аж ахуйн хэлтэс хамтран зохион байгуулсан Монгол-Хятадын V Экспогийн Хятад, Монголын засгийн газар, аж үйлдвэр, боловсрол, судалгааны байгууллагуудын солилцооны арга хэмжээ 08-р сарын 24-ны өдөр Хөххотод боллоо.
Энэхүү арга хэмжээ нь "Хятад, Монголын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, аж үйлдвэрийн инновацыг хамтаар ахиулъя" урианы дор болсон бөгөөд Хятад, Монгол хоёр орны улс төр, бизнес, эрдэм шинжилгээний салбарын холбогдох хүмүүс уул уурхай эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй, мал аж ахуй зэрэг эдийн засаг, худалдааны асуудлаар харилцан санал солилцож, хамтын ажиллагааны чиглэлийг судалжээ.
БНХАУ-ын Худалдааны яамны Азийн газрын дарга Ван Липин хурал дээр хэлэхдээ “Хятад, Монгол хоёр орон уул уурхай эрчим хүч, дэд бүтэц, газар тариалан, мал аж ахуйн салбарт харилцан нөхөх давуу талтай бөгөөд хамтын ажиллагааны өргөн боломж бий. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар хөрөнгө оруулалтын хүрээ тасралтгүй өргөжин тэлж, уул уурхай, аж үйлдвэр, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах зэрэг уламжлалт салбарыг хамарсан төдийгүй дижитал эдийн засаг, ногоон эрчим хүч зэрэг шинээр гарч ирж буй салбаруудыг ч хамарч байна. Хятад улс нь Монголын хамгийн том худалдааны түнш, хамгийн том импортын улс бөгөөд хамгийн том экспортын орон байсаар ирсэн”.
Хятадын статистик тоо баримтаас үзвэл, 2024 онд Хятад, Монголын худалдааны хэмжээ 18 тэрбум 620 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.1 хувь нэмэгдэж, Хятадын гадаад худалдааны нийт өсөлтийн хурдыг 5 пунктээр давж, дээд амжилт тогтоосон байна. ӨМӨЗО-ы Монгол Улстай хийсэн худалдааны хэмжээ нь Хятадаас Монгол Улстай хийж буй худалдааны нийт хэмжээний 63 орчим хувийг эзэлж, Монгол Улстай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа өрнүүлэх гол хүч болсон юм. 07-р сарын эцсийн байдлаар, ӨМӨЗО Монгол Улсад хөрөнгө оруулах 318 аж ахуйн нэгж байгуулж, Хятадын талаас нийт 2 тэрбум 120 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсон байна.
Арга хэмжээний үеэр Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайдын зөвлөх Д.Дашравдан “ Уг арга хэмжээ нь Хятад, Монгол хоёр орны харилцаа холбоо, хамтын ажиллагааны загварыг баяжуулж, Хятад Монголын эдийн засаг худалдааны бодлогыг уялдуулах, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал индэр болсон юм” гэжээ.
Нийгмийн олон салбарын төлөөлөгчид уг арга хэмжээнд зориулан санаа бодлоо солилцож, Хятад, Монголын аж ахуйн нэгж, мэргэжилтнүүд төслийн хамтын ажиллагаа, техникийн хэрэгцээ, боловсон хүчнийг сургах болон бусад асуудлаар гүнзгий солилцсон байлаа.